Сургуулийн орчинд сэтгэл зүйн зөвлөгөө авах нь
- New Beginning News
- Sep 30, 2021
- 6 min read
Updated: May 11, 2022
Дэлхийн олон орны сурагчдын дунд “Сургуулийн сэтгэл зүйчдээ итгэж болох болов уу” гэсэн эргэлзээ төрдөг нь энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдэд тохиолддог түгээмэл асуудлын нэг билээ. Сүүлийн жилүүдэд хүмүүс сэтгэл зүйг илүү чухалчлан, сэтгэлийн амар амгаланг эрэлхийлэн хайх болсон. Үүнтэй зэрэгцэн дэлхийн аль ч улс боловсролын системдээ сэтгэл зүйч, хүүхэд хамгаалагчдыг ажиллуулах болжээ. Манай улс ерөнхий боловсролын 30 сургуульд чадварлаг мэргэжлийн сэтгэл зүйчдийг 2021 оны 9-р сарын 20-ны өдрөөс ажиллуулж эхлүүлэв.
" Хүүхдийн итгэлийг дааж, зовлон жаргалыг нь хуваалцаж чадах хүн бол сургуулийн сэтгэл зүйч"
Хүүхдүүд эцэг эх болон багштайгаа илэн далангүй ярихаас цааргалдаг. Мөн тэд найз нөхөддөө нууцаа хэлбэл өөрийг нь үнэлэх үнэлэмж буурахаас айдаг төдийгүй сургуулийн сэтгэл зүйч нууцыг нь эцэг эх сургуулийн захиргаанд мэдэгдэнэ гэхээс эмээж аливаа асуудлыг дангаараа шийдэх гэж олонхи нь оролддог. Сэтгэл зүйн шинжлэх ухаан тасралтгүй хөгжсөн орнуудад ч дээрх байдал үзэгдэх нь бий. Өсвөр насны хүүхдүүд өөрт тохиолддог асуудлыг дотроо хадгалснаас болж сэтгэлээр унах, стресдэх, гуниглах, түгших, анхаарал сулрах, нойр хулжих, толгой өвдөх цаашлаад сэтгэцийн гүн хямралд ордог нь судалгаанаас харагддаг. Манай улс шиг сэтгэл зүйн шинжлэх ухаан хөгжиж буй орнуудад сургуулийн орчны хүүхэд хамгааллын мэргэжилтүүд болон сэтгэл зүйчид хүүхдийн нууцыг сонсдог, баяр гунигааа хуваалцдаг итгэлтэй хүн нь мөн шүү гэдгийг харуулах зорилгоор манай “NBNews” мэдээний клуб “Шинэ Эхлэл” сургуулийн сэтгэл зүйч Т.Ойдовчимэдтэй ярилцлага өрнүүлсэн юм.

- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд! Энэ хичээлийн жилийн анхны мэдээгээ тантай ярилцлага өрнүүлж эхлүүлж байгаадаа баяртай байна. Мөн манай сургуулийг сонгон ажиллаж байгаад тань Шинэ Эхлэл сургуулийнхаа хамт олон, сурагчдынхаа өмнөөс талархлаа илэрхийлье! Та бидэнд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулж болох уу?
- Сайн байцгаана уу? Та бүхэнд мөн энэ өдрийн мэнд хүргэе! Би сэтгэл зүйч мэргэжилтэй. 2017 онд Монгол Улсын Их Сургуулийг сэтгэл судлалын бакалаврын зэрэгтэй төгссөн. Ажлын туршлагын тухайд 2018 оноос хойш хувийн болоод улсын сургуулиудад боловсролын сэтгэл зүйчээр ажилласан. Боловсролын сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалтад тэнцэн Шинэ Эхлэл сургуульдаа ажиллахаар болсондоо маш их баяртай байна!
- Та яагаад сэтгэл зүйч мэргэжлийг сонгохоор болсон бэ? Танд ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
- Би ер нь багаасаа л их олон талын зүйлс сонирходог хүүхэд байсан. Тийм болохоор ахлах ангидаа ороод бие даан өөр өөр чиглэлийн мэргэжлүүдийг судлан, намайг илэрхийлэх, надад урам зориг хайрлах мэргэжлийг сонгохын тулд жил хагас гаруй хугацааг зарцуулан эцэст нь сэтгэл зүйч хэмээх мэргэжлээ сонгосон доо. Гэхдээ анх яг энэ мэргэжлийг сонгоод цаашдаа судлаад явна гэхэд тухайн үед миний шийдвэрийг дэмжихгүй олон хүн байсан. Энэ нь сэтгэл судлаач гэдэг мэргэжил тэр үед тийм ч түгээмэл байгаагүйтэй холбоотой байх. Хэдий тийм ч сэтгэл судлаач мэргэжил миний давуу тал, онцлогтой минь бусад мэргэжлийг бодвол илүү тохирч байгаа санагдсан учир өөртөө итгээд энэ мэргэжлийг сонгох шийдвэр гаргасан даа.
- Сэтгэл зүйч мэргэжлээр өнөө үед олон салбарт ажиллах боломж байдаг байх. Тэгвэл та тэр олон салбарууд дундаас яагаад сургуулийн сэтгэл зүйч болохоор шийдсэн бэ?
- Анх их сургуулийн хоёрдугаар курсд ангийн ажлаар багш нартайгаа хамт сэтгэл зүйч гэдэг мэргэжлийн талаар, үүний үр шим, ач тусыг нь хэрхэн хүмүүст түгээх талаар хэлэлцүүлэг хийсэн юм. Хэлэлцүүлгийн дараа хэсэг найзуудтайгаа хамтран сургууль цэцэрлэгт яагаад сэтгэл зүйч байж болохгүй гэж гэдэг асуулт дээр төвлөрснөөр анх сонирхол маань энэ салбар руу татагдсан. Их сургуулиа төгсөхөд олон газраас ажлын санал ирж байсан ч өөрийн сонирхлыг дагаад 2018 онд "Дэлхийн Зөн" олон улсын байгууллагын сургуулийн сэтгэл зүйчийн төсөл дээр ажиллаж эхэлсэн. Түүнээс гадна хэд хэдэн төсөл дээр ажиллаж байхдаа сургууль, цэцэрлэгүүдэд, эцэг эхчүүд, сурагчид, ажилчдад маань үнэхээр л сэтгэл зүйч хэрэгтэй гэдгийг илүү ойлгож авч байсан нь намайг өдийг хүртэл энэхүү мэргэжлээ солилгүй үнэнч явахад нөлөөлсөн болов уу. Сургууль цэцэрлэгт сэтгэл зүйч ажиллах нь хамгийн чухал гэдгийг онцлон хэлмээр байна.
Түүнээс гадна хэд хэдэн төсөл дээр ажиллах үед сургууль, цэцэрлэгүүдэд, эцэг эхчүүдэд, багш сурагчдад сэтгэл зүйчийн дэмжлэг туслалцаа үнэхээр хэрэгтэй гэдгийг илүү ойлгосон нь намайг энэхүү салбараа солилгүү үнэнч явахад нөлөөлсөн болов уу. Сургууль цэцэрлэгт сэтгэл зүйч ажиллах нь хамгийн чухал гэдгийг онцлон хэлмээр байна.
( инээх)
- Та бидэнд хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаач.
- Хүүхдийн сэтгэлзүйн онцлог, ер нь хүний сэтгэл зүйн онцлогийг олон өнгийн харандаатай зүйрлэж болохоор. Дан ногоон өнгийн харандаатай савыг нээж үзэхэд хэдий бүгд нийтээрээ "ногоон" гэж нэрлэгддэг ч дотроо цайвар ногоон, тод ногоон, бараан ногоон, номин ногоон гээд л тус бүр өөр өөр гаралттай, өөр өөрийн онцлогтой байдаг. Хүний сэтгэл зүй яг л тийм. Дэлхий дээр байгаа 7 тэрбум хүн дунд хоорондоо нэг өдөр, нэг газарт, нэг цагт, эсвэл бүр нэг эхийн хэвлийгээс төрч буй ихэр хүүхдүүд ч байж болно. Хэдий тийм адил төстэй талууд байлаа ч хувь хүний үзэл бодол, ухамсар, хоорондоо усны дусал эсвэл толины тусгал мэт яг адилхан байна гэсэн үг биш. Хувь хүний онцлог гэдэг бол хэзээ ч дахин давтагдашгүй зүйл гэж би боддог. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд ч энэ нь адилхан гэсэн үг. Тиймээс хүүхэд болгонд адилхан хандах, хүүхэд болгоныг адилхан "математикт" сайн байлгах эсвэл хүүхэд болгоныг бүх хичээлд нь онц сур гэж шаардах, хооронд нь харьцуулах их буруу зүйл. Хүүхэд болгоны онцгой, дахин давтагдашгүй чанарыг нь хорих ёсгүй, тэд өөр өөрсдийнхөө онцлогоор гэрэлтэж цаашдаа хөгжөөд явж чадна гэж хэлмээр байна.

- Сургууль дээр ирээд танаас сэтгэл зүйл зөвлөгөө авна гэхээс гадна өөр хэлбэрээр зөвлөгөө авах боломж байгаа юу?
- Цахимаар мөн зөвлөгөө авах боломжтой.
- Өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйчээс биечлэн зөвлөгөө авахад бусдаас ичих, санаа зовох асуудалтай тулгардаг. Энэ айдсаа хэрхэн даван туулж болох вэ? Та бидэнд зөвлөгөө өгч болох уу?
- Мэдээж. Ихэвчлэн ийм төрлийн айдсууд нь тухайн хүүхдийн эргэн тойрны нийгмийн орчин дахь сэтгэл зүйн талаар дутмаг мэдээллээс болж үүсдэг. Эрт үеээс л нийгэмд сэтгэл зүйн хүнд, архаг өвчтэй хүмүүс л сэтгэл зүйчтэй уулздаг хэмээх буруу ойлголт үүссэн нь сэтгэл зүйчтэй уулзахаас айх, эмээх, хүмүүс намайг юу гэж бодох бол гэж санаа зовох байдлыг дагуулдаг байж болно. Тийм учраас тухайн нийгэмд: хүүхдийн гэр бүл, найзын хүрээлэл эсвэл сургуулийн орчинд, мэдээллийг идэвхтэй түгээвэл хүүхэд энэхүү айдсаа давж гарах магадлал нь ихэсдэг. Мэдээж үл таних сэтгэл зүйч гэдэг хүнтэй ярилцаад, сэтгэлээ шууд нээнэ гэдэг бол хэн бүхний хийж чаддаг зүйл биш. Тийм болохоор үүнээсээ ичиж айх хэрэггүй шүү гэж зөвлөмөөр байна. Хүүхдүүд олон шалтгаанаар сэтгэл зүйчтэй уулзаж болно. Жишээ нь: хүүхдүүд маань мэргэжлээ сонгохдоо шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол өөрийн давуу талыг олж нээхийн тулд, өөрийн зан төлөв нь ямар мэргэжилд тохирох талаар мэдэхийн тулд эсвэл шийдэхэд хүндрэлтэй асуудал гарсан тохиолдолд шийдэл хайн сэтгэл зүйчтэй уулзаж болно. Тиймээс сэтгэл зүйчтэй уулзана гэдэг нь өөрт хэрэгтэй туслалцааг авах, өөрийгөө илүү ойлгох, өөртөө итгэлтэйгээр шийдвэр гаргахад тусладаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Бидний өсвөр насанд, өдөр бүр тулгардаг найз нөхөд, үерхэл нөхөрлөл, эцэг эх, багш сурагчдын харилцаанд тулгардаг асуудлууд яагаад үүсдэг талаар өөрийн бодлоо хуваалцаж болох уу? Бид хэрхэн эдгээр асуудалтай тулгарахад өөрсдийнхөө оюун санааг эерэг байж болох вэ?
- Хүн анх үүссэн цагаас л хоорондоо харилцсаар ирсэн. Харин харилцах үед үл ойлголцол, маргалдаан ч мөн адил үүссэн байдаг. Харилцааны хүндрэл гэдэг зүйл нь өөрөө хэзээ ч оршихгүй эсвэл үүсэхээ болино гэж байхгүй. Гэхдээ аль болох харилцааны зөрчилөөс зайлсхийхийн тулд бид өөрсдийн хэлэх гэсэн зүйлийг бие биедээ эерэг, зөвөөр хүргэхийг суралцах юм.
- Хүүхдүүд даалгавар, ачаалал ихтэй үедээ шантрах, сэтгэл гутралд орох тохиолдол их бий. Үүнийг яаж даван туулж болох вэ?
- Даалгавар ихтэй, дарамтанд байна гэдэг нь хүний биеэс их хэмжээний стрессийн гормон ялгарч байна гэсэн үг. Энэ үед ямар ч хүнд тухайн ажлыг хийж гүйцэтгэж чадахгүй байх гэсэн түгшүүр болоод сөрөг бодлууд ар араасаа орж ирдэг. Ийм нөхцөл байдалд хамгийн зөв шийдэл бол сэтгэл зүйчтэй уулзах юм.
- Манай сургууль сурагчдыг дунд ангиас эхлэн олон улсын Cambridge-ийн шалгалт өгөхөөр бэлтгэдэг. Харин уг шалгалтыг сурагчид маань ахлах ангид ороод өгдөг гэдгийг та мэдэх байх. Энэхүү шалгалтыг өгсөн үе үеийн сурагчдаас авсан судалгаагаар, шалгалтын өмнө сурагчдын маань сэтгэл санаа тогтворгүйжиж мөн их хэмжээний айдастай тулгардаг гэсэн байна. Та энэ нөхцөл байдал дээр бяцхан зөвөлгөө өгөөч.
- "Шалгалт" гэх энэ үгийг сонсоход л бидний тархинд "аймаар" гэсэн мэдрэлийн холбоос орж байдаг. Үүнээс болоод бид биеэ хурааж эхэлдэг. Шалгалт гэдэг зүйл дан ганц хүүхдүүд гэлтгүй насанд хүрсэн хүмүүсийг ч гэсэн хямраадаг. Жишээ нь: хоол идэж чадахаа болих, нойргүйдэх, сэтгэл түгших гэх мэт. Ийм нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд амьдралын хэмнэлээ нэгэн хэвийн байлгах хэрэгтэй. Хэдийгээр шалгалт өгнө гээд бэлтгэх хэрэгтэй ч гэсэн бид өөрсдийгөө хэт их ядрааж амьдралынхаа хэмнэлийг алдагдуулах нь буруу юм. Тиймээс шалгалт өгөх гэж байгаа бол нойрны хэмнэлээ алдагдуулалгүй тогтсон цагт, тогтсон хугацаанд амралт авч, өдөр бүр хоолоо алгасалгүй байж бясалгах гэх мэт тархийг амраадаг үйл ажиллагаануудыг хийх нь зүйтэй. Хэрвээ эдгээр зүйлс таны шалгалтын айдас, сэтгэл түгшилтийг намдаахгүй, үр дүнгүй санагдаж байгаа бол сэтгэл зүйчтэй ганцаарчилсан ярилцлага хийх нь илүү үр дүнтэй байх болно.
- Та бидэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сургалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
- Сэтгэл зүйч нь сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө, сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх сургалт, сэтгэл зүйн судалгаа, сэтгэл зүйн оношилгоо, үнэлгээг явуулдаг.
Сэтгэл зүйн оношилгоо үнэлгээгээр мэргэжлээ сонгох, аль салбарын чиглэл рүү явахаа мэдэхийн тулд тест бөглөн өөрийнхөө талаар илүү мэдэж авч болно.
Сэтгэлзүйн сургалтанд үе шат дараатай хамрагдан сэтгэл зүйн боловсролоо нэмэгдүүлж болно.
Сэтгэлзүйн судалгаагаар тухайн сургуулийн орчинд ажиллаж байгаа багш, ажилчид, сурагчид, эцэг эхчүүд сэтгэл зүйн талаар ямар хандлагатай байгааг тодорхойлж болно.
Сургуулийн нийт багш, сурагч, ажилтнуудсэтгэл зүйчтэй урьдчилан цаг товлоод зөвлөгөө авах боломжтой.
- Тэгвэл хэрвээ тань дээр орж сэтгэл зүйн зөвлөгөө авахаар бол хэд дэх өдрүүдэд боломжтой вэ?
- Сэтгэл зүйн зөвлөгөөг Даваа, Мягмар, Пүрэв гарагуудад ажлын цагаар буюу 09:00-16:00 цагийн хооронд тогтмол байлгахыг хичээж байгаа. Үлдсэн цагуудад нь анги тус бүрт сургалт хийх төлөвлөгөөтэй байна.
- Эцэст нь та Шинэ Эхлэл сургуулийн сурагчдад хандан юу гэж хэлмээр байна?
- Шинэ Эхлэл сургуульдаа ирж ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Хэрвээ та бүхэнд сэтгэл зүйн хувьд ямар нэгэн асуудал тулгараад байгаа бол эсвэл ямарваа асуудлыг шийдмээр байгаа ч гаргалгаа нь олж чадахгүй байгаа бол тэр үедээ сэтгэл зүйч Ойдовчимэд надтай холбогдоорой. Үргэлж нээлттэй шүү гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

Нийтлэл бэлтгэсэн : Т.Эрхэмбилэг
Comments