Охидын дуу хоолой
- New Beginning News
- Oct 11, 2021
- 3 min read
Updated: May 11, 2022
1995 онд эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар Бээжин дахь дэлхийн бага хурлын үеэр-Бээжингийн тунхаглал, Үйл ажиллагааны платформ-санал нэгтэйгээр баталсан нь зөвхөн эмэгтэйчүүдийн төдийгүй охидын эрхийг хамгаалах төслийн хамгийн анхны үндэс болсон юм.
Харин 2011 оны 12-р сарын 19-нд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 66/170 тоот тогтоол болох охидын өмнө тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, охидын чадавхыг дээшлүүлэхэд анхааран дэлхий даяар охидын эрхтэй холбоотой бэрхшээлийг зогсоохын тулд 10-р сарын 11-ний өдрийг "Олон улсын охидын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан билээ. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс болгон 2012 оноос эхлээд эл өдрийг тодорхой хэм хэмжээнд, зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Манай улс нь "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг 2013 оноос эхлэн жил бүр "Миний дуу хоолой-бидний тэгш ирээдүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон ба энэхүү тэмдэглэлт өдөртэй холбоотойгоор улс, аймаг, нийслэлийн салбар тус бүрд охидын эрүүл аж төрөх ёсны талаар хэлэлцүүлэг, лекц яриа зэрэг нөлөөллийн тодорхой үйл ажиллагаанууд хийгддэг юм. Тухайлбал, 2013 онд "ГҮНЖ” төв нь “Хөөрхөн Зүрхнүүдийн Аян" ТББ-тай хамтран “ОХИДЫН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСОО!" уриан дор охидыг болзооны хүчингээс урьдчилан сэргийлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ил захидал бүтээх 1 сарын аян зохион байгуулсан нь дараа дараагийн "Охидын эрхийг хамгаалах өдөр"-тэй холбоотой үйл ажиллагаануудыг эхлүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг юм. Энэ оны хувьд тухайн төв нь Олон улсын охидын эрхийн өдөр Дижитал эрин - Бидний эрин уриан дор 10-р сарын 10-ны өдөр Ид шидийн орон 2 төв дээр сургалт зохион байгуулжээ.
ГҮНЖ” төв болон “Хөөрхөн Зүрхнүүдийн Аян" ТББ-аас гадна Манай улсад "Охидын эрхийг хамгаалах өдөр"-тэй холбоотой бусад сургалт, уулзалт, үйл ажиллагаанаас дурдвал 2020 онд Налайх зэрэг нийслэлийн зарим дүүрэгт "Охидын чуулган" зохион байгуулж, охид бүсгүйчүүлийн эрхийн талаар мэдлэг, мэдээлэл солилцон охид өөрсдийн хүслээ шивнэн шаар хөөргөжээ. Мөн Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”, “Лидер сурагч академи” хүүхдийн өөрөө удирдах байгууллагатай хамтран “Хүч чадалтай охид” уриан дор охидын чуулга уулзалт гэх мэт бахархууштай олон үйл ажиллагаа, хөдөлгөөнүүд бий.
Харин манай сургуулиас 2021-2022 оны хичээлийн жилийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын нэг нь уг "Охидын Эрхийг хамгаалах өдөр"-тэй холбоотой охидод өөрсдийн дуу хоолойг илэрхийлэх орон зайг нээж өгөх байлаа. Тиймээс сургуулийн сурагчдын зөвлөлийн хамт олон маань бидэнд өөрсдийн дуу хоолойг түгээх боломжийг олгохын тулд нэгэн сонирхолтой онлайн асуулгыг бэлджээ. Судалгаа нь эмэгтэй сурагчдад дуу хоолойгоо илэрхийлэх орон зайг өгөхөөс гадна сурагчдын дунд "Охидын эрхийг хамгаалах өдөр"-тэй холбоотой мэдээллийг сургалтаар дамжуулан олгоход хүүхдүүдийн идэвхийг тодорхойлох байсан юм.
Судалгаанд оролцогчдоос илэрсэн нийтлэг нэгэн зүйл нь тэдний эрх өдөр тутмын амьдралд нь хэрхэн зөрчигдөж байгаа талаар...
Ихэнх судалгаанд хамрагчдын дурдсанаар өнөөгийн нийгэм охидыг "утсан хүүхэлдэй" мэт үздэг гэж дүгнэж болохоор...
Дуртай хувцсаа өмсөх эрхгүй, харанхуй шөнөөр явах эрхгүй, гоо үзэсгэлэнт ялдам төрөх эрхгүй, өөрөө өөрийнхөөрөө байх эрхгүй, эмх замбараагүй байх эрхгүй, "эрэгтэй" хувцас эсвэл эдлэл хэрэглэх эрхгүй, нүүрээ будах эрхгүй, эрэгтэй хүнтэй харьцуулагдах эрхгүй, чадвараа хангалттай үнэлүүлэх эрхгүй, ахлагч, удирдагч байх эрхгүй гэх мэт...
Аа харин, аав ээж нарын хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргийг биелүүлэгч нь байж, өөрийгөө бие бялдар, оюун ухаанаараа хөгжүүлэх сургалт, дугуйлангуудаас зайлсхийж гэрээ цэвэрлэж, хоолоо хийж, дүү нараа харж байх, эрх нь зөрчигдөж байхад дуугүй суух нь охидын "эрх" мэт...
Эрт дээр үеэс зөвхөн "эрэгтэй" хүмүүс л ажил эрхэлж, бусдыгаа удирдаж, шинийг санаачлан, түүнийгээ хэрэгжүүлэх эрхтэй гэсэн үзэл өнөөгийн хөгжиж буй орнуудад үргэлжлэн оршиж буй. Айл гэрийн эрэгтэй хүн л гэр бүлээ нуруун дээрээ үүрч явдаг, эрэгтэй хүүхэд л гал голомтоо бадраана гэх шалтаг шалтгаанаар эмэгтэй хүүхдүүдэд сэтгэл санаа, бие махбодын хувьд нийгэм гэлтгүй өөрсдийн гэр бүлээс нь дарамт, шахалт ирэн, охидын эрхийг зорчсон үйлдэл гардаг нь харамсалтай.
"Өсвөр насны охид эмэгтэй хүн болж төлөвшихдөө аюулгүй, боловсролтой, эрүүл орчинд амьдрах эрхтэй."
Гэхдээ эдгээр асуудлуудыг таслан зогсоохоор өмнө дурдсан шиг тодорхой ажлууд хэрэгжиж байгаа нь авууштай. "Өнөөдөр та өөрийн эдлэх эрхийг мэдэж авсан цагт өөрийгөө ирээдүйд болох эрсдэлээс хамгаалж чадна" гэх уриан доор Шинэ Эхлэл сургуулийн маань сурагчдын зөвлөл өнөөдөр буюу 10-р сарын 11-ны өдөр сургуулийнхаа нийт сурагчдад "Охидын Эрхийг Хамгаалах Өдөр"-ийг тохиолдуулан нээлттэй сургалтыг зохион байгуулж байгаад нь олзуурхаж байна.

Дэлхийн охидын эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе!
Нийтлэл бэлтгэсэн: Т. Эрхэмбилэг
Эх сурвалж:
Comments